Р.ЧОЙНОМ : НАМРЫН ТУХАЙ БОДОЛ
Намар аа гэж юу сан билээ.
Наран шарсан тал сан билүү
Найранд барьсан ая сан билүү
Нахийтал сойсон морь сон билүү
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Зүү шиг цэмцгэр ээжээс төрсөн
Зүрх шиг улаан хөвгүүн явахдаа
Намар аа гэж юу байдгийг
Насандаа мартамгүй ойлгож билээ.
Алаг утсаар захалж оёсон
Алга дарам алчуур дотор
Дундуурхан бооход ч багтах байсан
Дурлал – хагацал минь учирч билээ
Намуухан зүрхийг минь анх сүлбэсэн
Наалинхай харцны торгон үзүүрийг
Нандигнанхан дурсахдаа би
Намараа ! гэж шүүрс алднам.
Намайгаа орхиод шувуу шиг буцсан
Насан багын амрагаа бодохоор
Найдваргүй хагацлыг анх үзүүлсэн
Намрын салхин амтагднам даа.
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Ханагар тал тоосронхон байна
Хамхуул өвс торолзонхон гүйнэ л
Хатсан өвс тасранхан хийснэ л
Хайран чиг зуны минь гурван сараа
Аяа хөөрхий алтанхан шаргал мөртлөө
Юугаар ч цэцэглүүлэшгүй намар
Юутай чи уйтгартай юм бэ.
Зүггүй насаа орхиод ирсэн
Зүүн зүгийн уудам талд минь
Зүрх нь эмтэрсэн монгол найраг
Зүйтэйхэн дуугаа дууланхан гэгэлзэж
Уулын оройг ширтдэгсэн дээ
Уулын тэр оройд гишүүний
Улаахан навч зүрх шиг
Унан тусан сэржигнэнэм билээ
Дуулъя даа би намар юугаа
Дууланхан байж уйлъя даа
Хусан модны нарийн үзүүр
Хуурай салхинд уйлагнан байна уу даа
Хун цэнгийн цагаахан жигүүр
Yүлэн цаагуур дэвэнхэн одно уу даа
Баяр баярын нь охь манлай
Бат сэтгэлийн нь онгон сахиус –
Бадамын талиман нүдтэй төрсөн
Миний л нэгэн алдрай.
Цагаа ирэхэд хунгийн далавч шиг
Цайранхан далланхан одох болов уу даа
Сэрүүн бүсийн нуур шиг би
Сэнгэнэн уйрмагтаад үлдэх болов уу даа
Аяа хөөрхий
Намар аа гэж юу сан билээ.